Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц. Бямбацогт, Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г. Ганзориг нар Унгар Улсын Ерөнхий прокурор Полт Петерын урилгаар, энэ сарын 18-наас 20-ны өдрүүдэд Унгар Улсад ажлын айлчлал хийлээ.Айлчлалын явцад Ерөнхий прокурор доктор Полт Петер, орлогч прокурор доктор Белович Эрвин болон Ерөнхий прокурорын газар хэлтсийн дарга нар Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөгчдийг Будапешт хотод Ерөнхий прокурорын газарт хүлээн авч уулзан хоёр прокурорын байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцаж хамтарсан сургалт явуулах, харилцан төлөөлөгчид солилцох, Унгарын их дээд сургуульд прокуроруудыг суралцуулах зэрэг хэлбэрээр хамтран ажиллахаар ярилцан тохиролцсон байна.
Түүнчлэн Унгар Улсын Дээд шүүхийн орлогч дарга доктор Күниа Иштван, Веспрем мужийн прокурорын дарга доктор Орбан Дьерд нар Улсын Ерөнхий прокурорын төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авч уулзан шүүх прокурорын үйл ажиллагааны талаар танилцуулж ярилцжээ.
Уулзалт ярилцлагад, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т. Ганди, 3 дугаар нарийн бичгийн дарга Д. Нинж болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Д.Ундрах /24tsag.mn/



















































