“Хүннү эйр” компанийн энэ сарын 26-ны өдрийн Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн MR 1011 нислэг Даланзадгадад 8.40 минутад буух байсан ч чиглэлээ өөрчлөн Хилийн цэргийн 0166-р анги “Овоот” нисэх буудалд газардсан байна. Тухайн үед зорчигчид нисэх багийнханаас "Цаг агаар тааламжтай үед яагаад чиглэлээ өөрчлөх болсон" талаар лавлахад Гаалийн ерөнхий газрын дэд дарга тэргүүтэй хэсэг нөхдийг тус газар буулгах болсонтой холбогдуулан чиглэлээ өөрчилсөн гэсэн хариуг өгсөн байна. Харин "Хүннү Эйр" компаниар үйлчлүүлсэн иргэд онгоцны чиглэлийг өөрчлүүлсэн төрийн албан хаагч нарт ихээхэн дургүйцэж байгаагаа илэрхийллээ. Учир нь тэдгээр хүмүүс Даланзадгадад буугаад машинаар цааш явах боломжтой байсан аж.
Мөн Агаарын тээврийн иж бүрэн аюулгүй, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг гол зорилгоо болгон ажилладаг гэх “Хүннү Эйр” компани цаашид үйлчлүүлэгчдийнхээ эрхийг дээд зэргээр хүндэтгэж ажиллах хэрэгтэй гэж зорчигчид хэлж байна.
Тус компанитай холбоотой бас нэгэн хэрэг энэ сарын 17-ны өдөр гарсан байна. Тодруулбал, энэ өдөр Улаанбаатар-Ховд чиглэлийн MR 1022 нислэгээр нийт найман хүн явахаар захиалга өгөн мөнгөө шилжүүлсэн байсан боловч 5 хүний билетийг шалтгаангүй цуцалжээ. Дээрх таван хүн нь бүсчилсэн сургалт хийхээр явж байсан ч тэр өдрөө онгоцны буудлаас буцсан байна.
Энэ мэт хэргүүд гарсаар байтал хүмүүсийн ажлыг алдагдуулсан хохирлоо тус компани хэрхэн барагдуулах вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (8)