Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тус аймгийн Баацагаан, Жинст, Баянцагаан, Бууцагаан, Бөмбөгөр сумдын иргэдийн төлөөллийг оролцуулж Баацагаан сумын төвд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ширмэн, Сум дундын 3 дугаар шүүх, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба зэрэг байгууллагуудтай хамтран уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.Уулзалт, зөвлөгөөний хүрээнд аймгийн Прокурорын газраас 2014 онд хийж гүйцэтгэсэн ажил, эрүүгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, иргэдээс асуусан асуултанд хариулж, өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, хийж гүйцэтгэх ажлын чиглэл, прокурорын байгууллагад гомдол, хүсэлт гаргах заавар зэрэг гарын авлага, материалыг тарааж ажиллажээ.
Мөн дээрх ажлын хүрээнд Баацагаан суманд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Б” нарын 3 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мажигсүрэн нь оролцсон байна.



















































