
Төрийн үйлчилгээний цахим машинаас иргэд өөрт хэрэгтэй лавлагааг авдаг болоод удаж буй. Тэгвэл тус машинаар цахим үнэмлэх захиалах боломжтой болсон гэж Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж хэллээ. Өмнө нь иргэд цахим үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд лавлагаа авахаар УБЕГ-т очиж дугаарладаг байсан бол одоо өөрт ойр байрлах ТҮЦ машин дээр очиход л хангалттай болсон байна. Мөн УБЕГ-аас энэ жил 16 орчим үйлчилгээг ТҮЦ машинаар авах боломжтой болгохоор ажиллаж байгаа аж. Үүний дотор гадаад паспортыг ТҮЦ машинаар захиалсан тохиолдолд Монгол шуудангийн ажилтнууд паспортыг тань өөрт тань хүргэж өгөх үйлчилгээ багтаж байгаа юм байна. Эд хөрөнгийн гэрчилгээний бүртгэлийг ч мөн дээрх байдлаар авах боломжтой аж.