Өнөөдрөөс Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлж байна. Тус хууль хэрэгжснээр хилийн боомтыг эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ хуулийн хүрээнд Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин шинээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй юм.Шинээр байгуулагдаж буй Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлж бүртгэлийн нэгдсэн сан байгуулах үүрэг хүлээж байгаа юм байна.
Түүнчлэн гадаад руу зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, манай улсад зорчиж буй гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих боломжтой боллоо гэж холбогдох албаныхан хэлж байна.
Шинээр байгуулагдаж буй Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь 600 гаруй алба хаагчтайгаар баруун, зүүн, өмнөд, хойд бүс, Буянт-Ухаа, Сэлэнгэ, Дорноговь аймагт иргэдэд үйлчлэх аж.
Т.Энхэлээ



















































