
Төсөл бүр зохицуулагчтай, төслийн багтай ажиллаж, жил бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон тодорхой ахиц дэвшилтэй ажиллаж байгааг зохицуулагч нарын уулзалтын үеэр тэд тайлбарлаж байлаа. Тэр дундаа цөмийн технологи өндөр хөгжсөн Япон, Солонгос зэрэг улсын хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбар, хүнсний аюулгүй байдал, ургацын үр ашигийн нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг сайжруулах чиглэлээр ашиглахад чухал үүрэгтэй байдаг аж. Тухайлбал: “Мутацийн селекц ба тогтвортой хөгжил” төсөл хэрэгжсэнээр Монгол орны хүнсний гол таримал болох улаан буудай, арвайг өндөр ургацтай, өвчин хортонд тэсвэртэй цаашлаад ганд тэсвэртэй шинэ сортуудыг гаргах юм. Мөн “Нейтроны идэвхжлийн анализ” төсөл хэрэгжсэнээр экспортоор гаргаж буй нүүрс, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүн дотор хэр их үнэт метал байгааг нь тодорхойлох боломж бүрдэх зэрэг олон талын үр ашигтай байдлыг бий болгодог байна.