Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан
боловсруулсан “Шүүх эрх, мэдийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хөтөлбөр”-ийн
хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын санаачилгаар зохион байгуулж байгаа
“Төв, орон нутгийн хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн” Хөвсгөл
аймагт амжилттай болж өндөрлөжээ.
Зөвлөгөөнийг тус аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар нээж, Ажлын хэсгийн ахлагч Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат зөвлөгөөний зорилт, чиглэлийг танилцуулан үг хэлж зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүссэн байна.
Тус зөвлөгөөнд Аймгийн прокурор А.Аварзэд “Орон нутгийн хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлсэнээс гадна аймгийн Иргэдийн хурлын дарга Т.Болдбаатар, Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгч Т.Хүрэлбаатар, Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Н.Батбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Х.Батмөнх нар товч мэдээлэл хийжээ.
Зөвлөгөөний үеэр Хууль зүйн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас ажлын хэсэгт орж ажиллаж байгаа ажилтнууд “Шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хуулийн байгууллагуудын хэмжээнд явуулж буй өөрчлөлт шинэчлэлт, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй сургалт, ярилцлага явуулсан нь үр дүнтэй ажил болжээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн орон нутгийн телевизээр шууд нэвтрүүлэг хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ тус тусын харьяалах байгууллагуудын ажлыг тусгай удирдамжаар шалгаж, зөвлөгөөний үр дүн,тус аймаг дахь хуулийн байгууллагуудын ажлыг удирдамжаар шалгасан дүнг аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нарт танилцуулж, цаашид анхаарах зүйлийн талаар чиглэл өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/