
“Хүүхэддээ ухаангүй хайртай” байж, машины урд талын суудалд өөрсөддөө бамбай хийж авч явдаг нь автын осолд багачууд хохироход хүргэдэг гэдгийг өнгөрсөн 7 хоногт болсон өдөрлөгийн үеэр тоо баримттай зарлав. Хамгаас энхрий үрээ халхлах бамбай, аюулгүй дэр болгочихсон давхиж яваа “ухаангүй хайртай” аав, ээжүүдтэй Улаанбаатарын гудамжинд алхам тутамд таардаг юм. Урд талын сандал аюултай учраас “хадмын суудал” гэсэн явган яриа дэлгэрсэн атал хүүхдээ өмнөө барьчихаад сэнгэнүүлж гардаг билээ. Хүн амд эзлэх хүүхдийн хувь хэмжээгээр их ч хүүхдэд зориулсан бүхнээ томчууд нь булаагаад авчихдаг Монголд багачууд амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал их байна. Хүүхдүүд гэртээ харих, хичээлдээ очих цагт осолд хамгийн их өртдөг ажээ. Өнгөрсөн онд 37 хүүхэд автын ослоор амиа алдсан нь бүтэн нэг анги сурагчийн хэмжээнд хүрчээ. “Ухаалаг төр рүү” гэдэг шиг “Ухаалаг хайр” машин дотор үгүйлэгдэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/