Манай улсад гүйцэтгэн цэнэглэсэн сум буюу байлдааны бэлэн байдалд оруулсан танк, артиллерийн сум олон байдаг. Тэдгээрийг 1979 онд Хятадын цэргүүд Вьетнамд цөмрөх үеэр манай армийнхан өмнөд хил орчмынхоо цэргийн анги, нэгтгэл үүдийг байлдааны бэлэн байдалд оруулж, танк, артиллерийн сумыг буудахад бэлэн болгон цэнэглэсэн түүхтэй аж. Ийнхүү цэнэглэсэн сумыг 20-25 жил хадгалах боломжтой. Гэтэл тэдгээр цэнэгт сумыг хадгалах хугацаа 10-15 жилээр хэтрээд байгаа юм байна. Цэнэглэсэн сумыг буудах, эсвэл тусгай аргаар цэнэгийг нь салгаж аюулгүй болгодог аж. Тэр олон сумыг буудах боломжгүй тул цэнэгийг нь салгаж устгах юм байна. Хадгалалтын хугацаа нь дууссан танк, артиллерийн сумнуудыг ойрын үед оросуудын тусламжтайгаар аюулгүй болгохоор ярилцаж буй гэнэ.
Дашрамд сонирхуулахад үүнээс өмнө агаараас эсэргүүцэн хамгаалах зориулалттай хуучин пуужингуудынхаа шингэн түлшийг авсан аж.
24tsag.mn


















































