Өнөөдөр нийтийн тээврийн салбарынхан чуулж асуудлаа ярилцана. Уг чуулганд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн 25 байгууллагынхан оролцож салбартаа тулгамдаж байгаа асуудал цаашдын хөгжлийн чиг хандлыг тодорхойлох юм байна. Чуулган өнөөдөр 10.00 цагт “Blue Sky” цамхагт болох юм.Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар “Автобус нэг”, “Автобус-3” компаниуд, хамтран зохион байгуулагчаар “Тэнүүн Огоо” ХХК, “Цахилгаан тээвэр”, Монголын нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консерциум оролцоно.
Тус чуулганд “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтах бодлого”-ын баримт бичгийн төслийн талаар ЗТЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Т.Мягмарсүрэн, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нийтийн тээврийн салбарт 2016 он хүртэл барих бодлогын талаар танилцуулна. Түүнчлэг тус салбарын “Хүний нөөцийн бодлого стандарт” сэдвээр “Автобус нэг” ОНӨҮГ-ын дарга Ц.Одонтунгалаг, “Нийтийн зорчигч тээврийн өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдвээр “Тэнүүн дэлгэр” ХХК захирал, Монгол улсын зөвлөх инженер С.Энхболд, “Монголын нийтийн зорчигч тээврийн тогтвортой ухаалаг тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэх” сэдвээр “Монголын нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консерциум”-ын ерөнхийлөгч, Доктор Д.Баярсайхан “Маршрут төлөвлөлт” сэдвээр “Автобус-3”-ын ерөнхийинженер С.Эрдэнэтовч, “Төр хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр “Тэнүүн Огоо” ХХК захирал А.Ганхуяг нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Чуулганыг зохион байгуулснаар Нийтийн тээврийн салбарын туулж өнгөрүүлсэн замнал, өнөөгийн нөхцөх байдлаа дүгнэхийн дээр ирээдүйд барих бодлого, хөгжлийн гарцыг тодорхойлох зорилготой юм байна.



















































