Хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед хэрэглэгч буюу худалдан авагч өөрөө ухаалаг сонголт хийсний үндсэн дээр эрүүл, чанартай, зөв хүнсний бүтээгдэхүүнээ сонгон авч, хүнснээс хамааралтай одоо буюу ирээдүйд бий болох эрсдлээс бүрэн сэргийлж чадна. Хэрэглэгчийн ухаалаг сонголт нь чанартай бүтээгдэхүүнийг хэрхэн танихаас эхлээд худалдан авч буй бүтээгдэхүүн дээрх сав баглаа боодол, шошгон дээрх мэдээлэл, хэрэглэх заавар, хадгалах хугацаа, хориглох заалт, дүрсэн тэмдэглэгээ, тайлбар зэргийг уншиж, ойлгох мэдлэгээс хамаарна.Тиймээс С.Зориг сангийн “Залуу манлайлагч 11” хөтөлбөрийн 2 дугаар багийн залуус хэрэглэгчийн ухаалаг сонголтод тулгуурлан хүнсний зөв хэрэглээг дэлгэрүүлэх зорилготой “Ухаалаг сонголт” төслийг хэрэгжүүлж байна.
Ухаалаг сонголт төслийн хүрээнд хэрэглэгчдийн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт, сонголтод тус болохуйц мэдээлэл, мэдлэгийг энгийнээр хүргэх зорилгоор аян, нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байна. Мөн хэрэглэгчийн худалдан авалт хийх үйл ажиллагаанд хамгийн ойроос нөлөө үзүүлж чадах дэлгүүр, супермаркетын худалдагч нарт хүнсний зөв хэрэглээний талаарх цуврал сургалтыг явуулж төслийн үйл ажиллагаа үргэлжилж байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































