Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын ахлах прокурор П.Мөнхзул, хяналтын прокурор С.Батзул, Д.Энх-Оргил, Ц.Бямбадорж нар тус аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Гашуун Сухайт” хилийн боомтын гаалийн улсын байцаагч нараас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжинд нийцэж байгаа эсэхийг аймгийн прокуророор батлуулсан удирдамжийн дагуу шалгасан байна.Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг “Гашуун Сухайт” хилийн боомтын удирдлага болон захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий улсын байцаагч нарыг оролцуулан шалгалтын дүнг “дүнгийн хурлаар” танилцуулж ажилласан ба хяналтын прокурор Д.Энх-Оргил, Ц.Бямбадорж нар “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавих прокурорын хяналт”, “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал”, “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж буй улсын байцаагч нарын шийтгэвэр, материалыг хянахад гарч буй зөрчил, дутагдал, зөрчил, дутагдлыг гаргахгүй байхад анхаарч ажиллах зүйлс” гэх зэрэг сэдвүүдээр нийт улсын байцаагч нар сургалт зохион байгуулан ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/

















































