
Энэ жил ялалтын баярын 69 жилийн ой тохиож байна. Тэртээ 1941-1945 оны хооронд Дэлхийн хоёрдугаар дайн өрнөж, 61 улсын 110 гаруй сая иргэн цэргийн албанд татагдаж байжээ. Мөн 70 орчим сая хүн нас барсанаас дийлэнх нь энгийн иргэд байсан байна. Дэлхийн хоёрдугаар дайн, Фашизмыг дарахын тулд олон улс орон хамтран зүтгэсэн бөгөөд үүнд ч Монгол Улс өндөр хувь нэмэр оруулсан юм. Монгол улс ОХУ-ын цэрэг дайчдыг хувцас, хүнсээр хангаж байсан нь чухал хувь нэмэр болсон хэмээн түүхч, судлаачид үздэг. Тиймээс энэхүү баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Ялангуяа манай аймаг найрамдалын хот гэдэг үүднээс жил бүр Найрамдалын өндөрлөг болон Дөрвөн баатрын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Харин энэ жилийн арга хэмжээ аймгийн болон үйлдвэрийн удирдлагууд, ОХУ-аас манай аймагт суугаа ерөнхий консул болон ахмад дайчид Найрамдалын өндөрлөгт цэцэг өргөснөөр эхэлсэн юм. Аймгийн Засаг дарга Г.Зоригт “Дэлхийн нийт хүн амыг дайны хар сүүдрээс салгасан энэ баяртай өдрийг хойч үе мартах учиргүй гэдгийг онцолсон юм. Хамгийн чухал нь тэртээх дайны хар сүүдрийг хойч үе нь мартах учиргүй, дахин ийм аюул нүүрлэх ёсгүй гэдгийг ахмад дайчид болон ёслолын ажиллагаад оролцсон хүмүүс хэлж байсан юм. Дашрамд дурдахад, Ялалтын баярыг угтан энэ жил урлаг соёлын байгууллагуудаас олон арга хэмжээг төлөвлөөд байгаа юм. Жишээлбэл, УСО-оос Орос дууны уралдаан, сонгодог үдэшлэг зохион байгуулагдна.

Эх сурвалж: erdenetinfo.mn