
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин санал асуулга явуулахаа хойшлуулахыг уриалсан ч Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүд товлосон хугацаандаа буюу өнөөдөр санал асуулга явуулахаар төлөвлөж байна. Украины зүүн нутгийн хотуудын захиргааны байруудыг эзлээд буй Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүдийг хөөн гаргахын тулд тус улсын Засгийн газар цэргийн ажиллагаагаа эрчимжүүлсээр байгаа аж.
Уржигдар Мариуполь хотод Украины аюулаас хамгаалах хүчний албан хаагчид болон цагдаагийн газрын байрыг эзлэхийг оролдсон Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүдийн хооронд буудалцаан болжээ.
Тус улсын Дотоод хэргийн сайд Арсен Аваковын мэдэгдсэнээр, буудалцааны үеэр засгийн газрын нэг цэрэг, Оросыг дэмжигч 20 орчим хүн амиа алдсан байна.
ОХУ болон Өрнөдийн улсуудын уриалгын хариуд ирэх долоо хоногийн лхагва гарагт Украины Засгийн газар үндэсний хэмжээний яриа хэлцээ хийхээр төлөвлөж байна. Гэхдээ Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүд уг яриа хэлцээнд оролцохоос татгалзаж байгаа юм.