
Тухайлбал Монгол банк жижиг дунд үйлдвэрлэгч 2227 аж ахуйн нэгж, иргэдийн дунд энэ талын судалгаа явуулахад
69 хувь нь үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхэд санхүүжилтийн хэрэгцээ зайлшгүй байгаа, 28 хувь нь санхүүжилт авах шаардлагагүй гэж хариулсан байна.
Тиймээс тэдгээрт хөнгөлттэй үнээр тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм.
Үүнийг шийдвэрлэх ажлын хүрээнд Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмын төсөл”-ийг хэлэлцжээ.
Хөнгөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг цаашид “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар дамжуулан хийх бөгөөд журмаар зохицуулж өгөх юм. Ингэснээр одоогийн банк, санхүүгийн байгууллагаас үзүүлж буй зээлээс хялбар байдлаар иргэдэд хэрэгцээтэй зээл өгөх боломжийг бүрдүүлэх аж.
Ингэхдээ нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу тухайн жилд ямар салбарт дэмжлэг үзүүлэх шаардлагатайг тодорхойлж, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зорилтыг дэвшүүлнэ. Үүний дагуу арилжааны банканд зээл хүсэгчийн төслийг хүлээн авч, шалгаруулалтыг тухайн банк хийнэ. Харин аль банк энэ шалгаруулалтыг хийж, зээл олгох эрх авах уу гэдгийг нийт арилжааны банкуудаас сонгон шалгаруулалт хийх гэнэ. Тухайн банкны шалгуурыг давсан төслүүдтэй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл танилцаж, зорилтод нийцэх эсэхээс хамаарч Батлан даалтын сангаас санхүүжүүлэн, хөнгөлттэй зээл олгох юм. Харин сүүлийн шалгаруулалтыг хийх сангийн зөвлөлд холбогдох албан тушаалтнаас гадна жижиг дунд үйлдвэрийн чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулахаар тусгажээ.
Энэ жил нийслэлийн төсөвт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд 5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс 3 тэрбумыг Батлан даалтын санд төвлөрүүлж, иргэдэд зээл олгохоор төлөвлөж байгаа юм.
Удирдлагын зөвлөлийн гишүүд дээрх журмын төслийг дэмжсэн бөгөөд НИТХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
24tsag.mn