
Өнөөдөр монгол гэрийн зан үйл хийгээд монгол уран бичлэгийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэсэн тухай батламж гардуулах ёслол боллоо.
Тодруулбал “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад, “Монгол уран бичлэг”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад багтаажээ.
Батламжийг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга, Гадаад харилцааны сайд Л.Болд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд гардуулан өгсөн Ц.Оюунгэрэл сайд батламжийн эх хувийг Үндэсний музейд хүлээлгэн өглөө.
ЮНЕСКО-д бүртгүүлсэн түүхийг сийрүүлбэл:2013 оны 12-р сард Азербайжан улсын нийслэл Баку хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны хуралдаан болж уг хуралдаанаар ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бусөвийн жагсаалтад “Монгол уран бичлэг” удирдах хорооны гишүүн 24 орны гаргасан шийдвэрээр санал нэгтэйгээр батлагдсан бөгөөд 12 дугаар сарын 05-ны өдөр ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас нэр дэвшсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” мөн санал нэгтэйгээр батлагдсан юм. Тус жагсаалтад 31 орон өөрийн соёлын биет бус өвөө нэр дэвшүүлсэн байна.
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ Монгол үндэстэн байгаль орчин, ахуй амьдралын өвөрмөц онцлогтоо зориулж бүтээсэн төдийгүй олон зууны туршид байгалийн шалгарлыг даван туулж ирсэн “Монгол гэр” Хүн төрөлхтний соёлын биет бус өв болж байгаад баярласнаа төлөөлөгчдөд илэрхийлсэн бөгөөд тэрээр “Бид хүн төрөлхтний өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлагаа тод ухамсарлаж, ард иргэд төр засгийн хамтын нэгдмэл санаа зорилгын хүчинд хадгалж хамгаалан явах болно” хэмээсэн. Мөн 2013 онд 10 жилийн ойгоо тэмдэглэсэн соелын биет бус өвийн конвенцийн хэрэгжилтэнд өндөр ач холбогдол өгч байгаагаа уламжилж ард түмнийхээ үнэт өвүүдийг хадгалж хамгаалахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна. ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бусөвийн жагсаалтадманай улсын 5дахь өв амжилттай бүртгэгдсэн бөгөөд өмнө нь Монгол цуур, Монгол тууль, Уламжлалт бүжиг бий-биелгээ, Монгол Лимбэчдийн уртын дуу хөгжимдөх өвөрмөц арга битүү амьсгаа бүртгэгдсэн билээ.ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад ийнхүү манай улсын 6 дахь өв амжилттай бүртгэгдсэн бөгөөд өмнө нь Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй бүртгэгдсэн бөгөөд манай улсаас Соёлын биет бус өвийн чиглэлээр ЮНЕСКО-гийн Төлөөллийн болон Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн жагсаалтад нийт 11 өв бүртгэгдээд байна.
24tsag.mn