
БНХАУ-ын Гуанжу хотноо энэ сарын 13-15-ны хооронд болсон ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн VI ээлжит хурлаас дээрх шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал хурлаар гишүүн орнуудаас дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж 16 бүтээлийг шинээр бүртгэсний дотор манай улсаас дэвшүүлсэн "Сахиусан Дара эх" бүтээл багтжээ.
2002 онд түүх соёлын “Хосгүй үнэт” өвд бүртгэгдсэн "Сахиусан Дара эх" нь эрдэмтэн С.Шагж (1886-1938)-ийн бүтээсэн Ногоон, Цагаан Дара эхийн төвд бичмэл судар юм.
Энэхүү хамгийн жижиг содон бүтээлийг хэдэн онд туурвисныг тогтоох боломжгүй боловч 100 орчим жилийн настай гэж судлаачид үзэж байна. Цагаан, Ногоон Дара эхийг улаан, хар бэхээр алаглуулан бичихдээ утгат хэсгээр нь ялгамжлан тодруулжээ. Бүтээлд төвд хэлний 62 бадаг шүлэг, 250 мөр, 5718 үсгийн тэмдэгт, 2510 цэг шад, бүхэлдээ бол 8228 тэмдэгтийг багтаажээ.
24tsag.mn