Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Хялгант модны захын ойролцоох өндөр хүчдэлийн шон дээрээс хүн унах гээд байна гэсэн дуудлагаар өчигдөр НОБГ-ын алба хаагчид хөдөлжээ. Дуудлагын дагуу ажилласан нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн аврах шуурхай салбарын аврагчид 2 цаг гаруй хугацаанд шонд авирсан иргэнтэй ярилцаж тайвшруулан 18.30 цагийн үед амжилттай буулгасан байна. Эрэгтэй 30 орчим настай иргэн бэртэж гэмтээгүй бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гурвалжингийн гүүрний ойролцоо байрлах "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн харьяа 110 кВ-ын агаарын шугамын тулгуур № 24-т хүн авирсантай холбогдуулан Баруун, Умард, Сэлбэ 110 кВ-ын дэд станцуудын хүчдэлийг бүрэн салгасан байна. Эдгээр станцуудаас цахилгаан хангамжийн үүсвэртэй 1, 10, 3, 4-р хороолол, Хайлааст, Яргайт, Чингэлтэй, Долоон буудал, Дэнжийн мянга, Дамбадаржаа орчмын бүх хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагджээ.
Д.Ундрах /24tsag.mn/

















































