Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа тэргэнцэртэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхэд бэрх. Энэ нь зарим талаар тэдний нийгмийн амьдралд оролцох эрхийг нь хязгаарлаж байдаг.Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооноос сэтгүүлчдэд хандлаа.
Тэдэнд чухамдаа ямар бэрхшээл тулгардагийг тайлбарлавал хараагүй иргэдэд зориулсан буудал зарлагч, сонсголгүй иргэдэд зориулсан буудлын нэр урсдаг самбар зэрэг байхгүй байгаа нь тэдэнд заавал бусдын тусламжийг авахад хүргэдэг байна. Харин тэргэнцэртэй иргэдийн хувьд автобусанд сууна гэдэг бүр ч боломжгүй. Учир нь одоо нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобуснуудад тэднийг буулгаж суулгах нэмэлт тоноглол нэгээхэн ч үгүй юм.
Уг нь дээрх асуудлуудыг хуулинд тусгасан байдаг ч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа аж. Иймээс тэд өөрсдийнх нь онцлог байдлыг хүндэтгэсэн, тэгш боломж олгосон хүртээмжтэй үйлчилгээг бий болгохыг Засгийн газраас шаардаж байгаа юм байна.
24tsag.mn

















































