
Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсан эхний жилдээ буюу 2004 онд 145 хэрэг хянан шийдвэрлэж байсан бол 2013 онд 1106 болж 6.6 дахин өссөн аж. Энэ нь иргэдийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрэлт дээрх хэмжээгээр нэмэгдсэнийг харуулж байна. Мөн захиргааны албан тушаалтны үйлдэл, актад тавих ард түмний хяналт төлөвшиж, тэдгээрийн хууль бус ажиллагааг сөрөн зогсох дархлаа тогтож буйн илрэл гэж судлаачид дүгнэжээ.
Сүүлийн 10 жилд захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд нийт 7441 хэрэг шийдвэрлэсний 61.1 хувь буюу 4546 хэргийг нэхэмжлэгчийн буюу иргэний талд шийдвэрлэсэн байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 57.3, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 55.7 хувьд иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангажээ. Энэ хэмжээгээр Захиргааны хэргийн шүүх төрийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг нөхөн сэргээсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)