Энэ сарын 9-нд шинээр татагдсан цэргүүдийн дунд чих болон гарын арьсан дээр цэврүүт тууралт гарсан тухай мэдээллийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өглөө. Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг сум дахь 120 дугаар ангийн цэргүүдийн дунд халдварт өвчин тархаж мэргэжлийн эмч нарын баг газар дээр нь очиж ажиллажээ. Бид ХӨСҮТ-ийн эмч Ч.Уртнасантай холбогдож энэ тухай тодрууллаа.
-Цэргүүдийн дунд халдварт өвчин гарсан гэсэн мэдээлэл байна. Ямар өвчин гарсан юм бол?
-Манай улсад бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн халдвар болохыг вирус судлалын лабораторийн шинжилгээгээр тогтоосон. Цэрэг татлагын үеэр эмчийн үзлэг хийхэд илрээгүй байх. Нэг майхнаас халдвар гараад бусад майхныхаа цэргүүдэд тархсан юм билээ. ХӨСҮТ-ийн болон Госпиталын эмч нарын баг хамтран ажиллаж уг шинж тэмдэг илэрсэн 94 тохиолдлыг бүртгэн тархварын судалгаа, эмнэлзүйн үзлэг хийж, 30 сорьц авч лабораторийн шинжилгээ хийсэн. Цэргүүдийн дунд тархсан өвчнийг томуу болон амьсгалын замын үрэвсэл үүсгэгч риновирусийн шалтгаантай цэврүүт тууралт гэж оношилсон.
-Амьсгалын замаар дамжиж халдварладаг өвчин юм уу?
-Халдвар хавьтал ахуйн замаар дамжиж байж болзошгүй гэж үзээд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, ажиглалт, хяналтыг үргэлжлүүлэхийг зөвлөсөн.
-Цэргүүдийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Шинж тэмдэг илэрсэн цэргүүдийн биеийн байдал хэвийн байна.
Эх сурвалж: МХЕГ