
УИХ-ын гишүүн М.Зоригт өчигдөр Түмэнцогт сумын төв болон 1,2-р багуудад ажиллалаа. Түмэнцогт суманд 1995 оноос хойш газар тариалангийн ажил зогссон бол 20 жилийн дараа буюу энэ жилээс газар тариалангийн ажлаа сэргээж 2000 га газарт тариа тариалахаар болжээ. Түмэнцогт сум түүхт 60 жилийн ойгоо угтаж 2 км зам тавьж, сумын төвийн төв гудамжаа тохижуулан орон сууцнуудаа явган хүний замаар холбож, ёслол хүндэтгэлийн өргөө болон тоглоомын талбайг барьж дэд станцын хүчин чадлаа нэмэгдүүлсэн гэх олон ажлыг хийжээ. Мөн инженерийн шугам шүлжээнд бүрэн холбогдсон хотын дайтай сум гэгддэг Түмэнцогт сум ариун цэврийн цаасны үйлдвэр болон бялууны үйлдвэртэй учраас эдгээр бараагаа иргэд сумаасаа аван хэрэглэж байна. Харин сумын төвөөсөө 18 км байдаг хоёрдугаар багийн иргэдэд хамгийн их тулгамдаж буй асуудал нь уул уурхайдаа хяналт тавьж чадахгүй байгаагаас малчдын худаг ширгэж ундны усгүй болж байгаа учир уурхай өөрсдөө тусдаа худагтай баймаар байна гэдэг асуудлыг нэн тэргүүнд тавьсан юм. УИХ-ын гишүүн М.Зоригт энэ асуудалд анхаарлаа хандуулан холбогдох байгууллагуудаар уурхайн асуудлыг шалгуулна гэдгийг хэллээ.
УИХ-ын гишүүн М.Зоригт энэ сарын 30,31-нд Эрдэнэцагаан суманд ажиллана.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)