
Нийслэлийн Засаг даргын захирамжаар, нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг гуравдугаар сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулж дуусав. Замын цагдаагийн газар, дүүргүүдийн татварын хэлтсээс хамтран зургадугаар сарын 10–аас эхлэн зургаадугаар сарын 24–нийг хүртэл албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг байгуулна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй бол захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль төлнө. Зургаадугаар сарын 24-өөс хойш албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм гэж
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.