Нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, ложистикийн төв байгуулах хүртэл олборлолт хийх, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглосныг цуцаллаа. Ингэснээр стандартын шаардлага хангасан түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах боломжтой болж байна.Нийслэлээс үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээсэн аж ахуйн нэгж байгууллагуудын олборлолт, тээвэрлэлтийн явцад хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Үүнтэй холбоотойгоор байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаагүй, эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал танилцуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт даалгажээ. Өмнө нь Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цемент зуурмагын үйлдвэрүүд, барилга барьж буй барилгын компаниудыг хашаан дотроо болон засмал зам руу нийлэх хэсэгт тээврийн хэрэгслийн дугуйг цэвэрлэх зориулалтын 2 талбайтай болгож, шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн юм.

















































