Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд шийдвэр гүйцэтгэх албаныхны оролцоотойгоор шийдвэрийг хэрэгжүүлдэг. Харин шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнууд шийдвэрийг хэрэгжүүлэхдээ иргэдээс мөнгө авдаг гэх ойлголт иргэдэд байдаг. Ажлаа хийснийхээ төлөө ийнхүү иргэдийн халааснаас мөнгө авч байгаа нь хууль бус үйлдэл гэсэн шүүмжлэл ч гарч байна. Энэ нь ялангуяа захиргаа, иргэний хэрэгт ихээхэн тохиолддог. Тухайлбал, хоёр иргэний маргаан шүүхээр шийдвэрлэгдэж, нэг нь нөгөөдөө нэг сая төгрөгний хохирол төлөх болоход хохирлыг барагдуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан шаарддаг. Тэгэхдээ тухайн мөнгө авч буй иргэний мөнгөнөөс 10, 20 хувийг авдаг гэх шүүмжлэл байна. Харин энэ нь шийдвэр гүйцэтгэлд урамшуулал олгох журамд тодорхой заасан байдаг юм байна. Тухайлбал, шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө авах иргэнтэй гэрээ байгуулж, шийдвэрийг хэрэгжүүлдэг. Ингэхдээ журамд заасны дагуу тухайн хохирлын мөнгөнөөс урамшууллын шугамаар хувь авдаг байна.
Шүүхийн шийдвэр гарсан цагаасаа хүчин төгөлдөр болох ёстой. Энэ нь эрүүгийн гэмт хэрэгт шууд хэрэгждэг боловч хохирол барагдуулахад шууд хэрэгжиж чаддаггүй. Тухайн хохирол барагдуулах иргэн, ялтны төлбөрийн чадамжаас шалтгаалан хэрэгждэг байна. Үүнд тавих хяналт байхгүй байсаар өдийг хүрсэн. Тиймээс шүүхээс сар бүр гаргасан шийдвэр нь хэрэгжиж байгаа эсэхт хяналт тавьж, ШШГА-ынхан сар бүрийн 25-нд шүүхээс гарсан шийдвэрийн хэрэгжилтийн талаар шүүхэд эргэн мэдээлдэг болжээ.
Журамд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнууд урамшуулал авдаг ч харин хүүхдийн тэтгэлэг, бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан төлбөр, эд хөрөнгө хураах зэргээс урамшуулал авдаггүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































