Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар болсон. Уг цогцолборын барилгын трасст иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар болон газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор олгож чөлөөлөх шаардлагатай байгаа тул нийслэлийн Засаг дарга “Нөхөх олговор олгох тухай” захирамж гаргажээ. Захирамжаар тус газарт байгаа таван иргэний үл хөдлөх хөрөнгө болон эзэмшлийн газрыг үнэлж, нөхөн олговорт нийт 455 520 227 төгрөгийг олгохоор боллоо. Нийслэлийн Засаг дарга нөхөн олговрын хөрөнгийг нийслэлийн газар чөлөөлөх 2014 оны зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа. Харин иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгожээ.




















































