УИХ-ын нэгдсэн чуулганаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газраас тавдугаар 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж
байгаа тоног төхөөрөмжийн татварыг хоёр жил хүртэл хугацаагаар сунгах
тухай асуудал юм. Ингээд хуулийн төслийг батлая гэсэн агуулгаар гишүүдээс санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 92 хувь нь дэмжсэн тул хуулийн төсөл батлагдлаа.Жижиг дунд үйлдвэрлэлээс дээш үйлдвэрлэлд үзүүлэх уг татварын дэмжлэгийг ийнхүү гишүүд яаралтай журмаар хэлэлцэн баталж байгаа бөгөөд дээрх хуулийн төсөл өнөөдрөөс эхлэн мөрдөгдөх юм.
Үүнээс гадна чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж санал хураан гишүүдийн 80.4 хувийн саналаар баталлаа.
Уг хуулийн төслийг мөн Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд яаралтай хэрэгжүүлэхээр өргөн барьсан. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодитойгоор дэмжинэ гэж үзэж байгаа юм. Түүнчлэн уг хуулийн хүрээнд өнгөрсөн оны 12 дугаар сард дуусгавар болгосон жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн гаалийн албан татвар болон НӨАТ-ын албан татвар сунгагдаж байгаа юм.
Т.Энхэлээ



















































