
Тус наадам өмнө нь Монголын анхны андерграунд, эксперименталь бэсрэг наадам нэрийн дор зохион байгуулагдаж байжээ. Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах том зорилго тавьсан энэхүү богино хэмжээний кино наадам хүрээгээ тэлж энэ жилээс олон улсын андерграунд кино наадам хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна. Наадамд оролцогчид 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн хэн ч байсан бие даан болон багаараа оролцох боломж нээлттэй аж.
Харин энэ жилийн наадамд оролцох бүтээлийг энэ сарын 9-13 хооронд “Улаан гэр” галерейд хүлээн авах бөгөөд энэ сарын 21-нд шалгаруулж дуусах юм байна. Бүтээл нь чөлөөт сэдэвтэй, шинийг эрэлхийлсэн содон хийцтэй дуураймал бус өвөрмөц байх ёстой бөгөөд үргэлжлэх хугацаа 20 минутаас хэтрэхгүй, тухайн бүтээл нь урьд нь ямар нэгэн кино уралдаанд оролцоогүй, интернэтэд тавигдаагүй байх шаардлагатай аж.Бүтээлийн формат нь видео бичсэн төхөөрөмжөөс /утасны камер байж болно/ үл хамааран эцсийн видео файлыг формат AVI, MPEG, MP4(H.264), MOV зэргийн нэг байвал тохиромжтой байх ба видеоны чанар хамаарахгүй ч файлын хэмжээ 2 GB-аас хэтрэхгүй байх шаардлага тавих юм байна.
Шилдэг бүтээлийг шүүгчдийн шийдвэрээр шалгаруулж “Алтан хальс” Гран при цом 1 сая төгрөг, шилдэг хүүрнэлт кино, шилдэг хүүрнэлт бус кино, шилдэг анимацийг тус бүр 250 мянган төгрөг, шилдэг видео клипийг 64GB iPod touch зэргээр шагнах юм байна.