
УИХ-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан билээ. Уг хуулийг дагаж мөрдөх болсонтой холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шинээр орсон зарим зохицуулалтыг нэг мөр ойлгож, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас сургалт явуулж байгаа билээ.
Ээлжит сургалт 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болж, нийслэл болон орон нутгийн анхан, давж заалдах шатны шүүхийн 100 шүүгч нар хамрагдсан байна.
Сургалтад Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах “ИХШХШТХ-д орсон, нэмэлт өөрчлөлт, цаашид анхаарах зарим асуудал”, шүүгч Д.Тунгалаг “Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа, анхаарах зарим асуудал” сэдвээр хичээл заажээ.