Авто замын газраас "Наранбулаг Хан" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу "Зунжин" худалдааны төвийн баруун талбайд 3150 м.кв талбай бүхий автобусны эцсийн зогсоол, чиглэлийн автобус зогсоод хөдлөх дундын 2 зогсоол, 4 хэсэгт хүлээлгийн зогсоол буюу явган хүний 3 м өргөнтэй, 130 м урттай зам барих ажил эхэллээ.Авто замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 7 буудал орчмын зогсоолын талбайг шинэчлэн өөрчлөх, эцсийн буудлыг шилжүүлэх саналыг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс гаргасан юм. Энэ ажлын хүрээнд ирэх сарын 01-нд зогсоолыг иж бүрэн хүлээлгэн өгөх гэрээтэй бөгөөд төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад өгөхөөр зорьж байгаа юм. Одоогийн байдлаар газар шорооны ажил 50 хувьтай байна.



















































