
Ерөнхий сайд Н.Алтанхуягын “Оргил өөд” номын англи хувилбарыг хэвлэсэн Герман улсын Frankfurt хотын “Frankfurter Verlagsgruppe” компанийн редактор David Puschke, Mathias Maiyer нар Монгол улсад айлчлан ирж Н.Алтанхуяг сайдтай биечлэн уулзлаа. Монгол улсын Ерөнхий сайдын “Оргил өөд” номыг орчуулан Олон Улсын зах зээл дээр гаргасан тус компани түүний дараагийн ном болох өөрийнх нь авсан гэрэл зургуудаар Монгол улсын өнөөгийн нийгмийн байдал, онгон тансаг байгаль, зан заншил, соёл уламжлалыг харуулсан фото зургийн альбомыг хэвлүүлэх болоод байгаатай холбогдуулан ажлын айлчлал хийсэн байна. Тус гэрэл зургийн цомог ирэх долдугаар сард хэвлэгдэж Олон улсын зах зээл дээр гарах бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол улсыг хараандаа аваад байгаа олон жуулчид бизнесмэнүүдийн анхаарлыг зүй ёсоор татах уран бүтээл болж буйг онцлон тэмдэглэж байсан юм.
Д.Ундрах