
Их хотод маань ногоон байгууламж, тохижилтын ажил хэдийнээ хийгдэж эхэлжээ. Өнгөрсөн онд нийслэлд 46 мянган м.кв талбайд ногоон байгууламжийн арчлалт, зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийг хийн, үүндээ 4.6 тэрбум төгрөгийг зарцуулж байсан. Нэгэнт хийчихсэн цэцгийн мандлын хайс, хөрс шороо, усалгааны систем гээд багагүй хөрөнгө мөнгөөр хийсэн нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлуудыг дараа жил нь ашиглалгүй үлдээхгүйн тулд дахиад арчилгаа хийх тодорхой. Харин энэ жил нийт 85 гудамж, 66 мянган м.кв талбайд ногоон байгууламжийн арчлалт, зүлэгжүүлэлт хийхээр төлөвлөжээ. Үүндээ зориулан 5.6 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Энэ зун нийслэлд шинээр нийт 30 мянган м.кв талбайд цэцэг, 200 мянган м.кв талбайд зүлэг тарьж, 450 мянга гаруй мод, сөөг нэмж суулгах юм. Энэ жилийн хувьд нийслэлд улаан, цагаан, улбар шар өнгийн цэцэг тарихаар төлөвлөжээ.
Жил бүр ногоон байгууламжийн цэцэрлэгжүүлэлтийг хийхдээ хотын төвийн гудамжуудад хийж, гэр хороолол дахь гудамжууд орхигддог. Харин энэ жил 22-ын товчооны зам, Чулуун овооноос Амгалан хүртэлх замын дунд ногоо байгууламж хийхээр төлөвлөжээ. Мөн долоон буудлын замаас авахуулаад 4-5 том, урт замуудад ногоон байгууламжийн ажил хийгдэж эхлээд байна. Энэ онд хийгдэх ажлууд дунд Тасганы овоо, Хамбын овоо, Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн гэсэн гурван томоохон бүтээн байгуулалт эхлэхээр төлөвлөгдөөд байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/