
Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид “Хүйсийн говийн домог” нэртэй эмгэнэлт дуулалт жүжгийг үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Маргааш нээлтээ хийж ердөө хоёрхон өдөр тайзнаа амилах дуулалт жүжигт Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч, зураач Д.Ганболд, хөгжмийн зохиолч М.Бирваа, залуу бүжиг дэглээч Д.Энхбаатар нар урилгаар ажиллаж байгаа юм. Тэд энэ удаа алдарт 33 говийн нэг болох Хүйсийн говийн эмгэнэлт домгийг дуулалт жүжгийн төрлөөр туурвисан бөгөөд “Алтай” чуулгын 60 гаруй уран бүтээлч тоглох ажээ. Дуулалт жүжгийг Б.Ренчингийн "Нууцыг задруулсан захидал” зохиолоос сэдэвлэн цомнолыг Б.Нямлхагва туурвижээ. Уг бүтээлд манжийн дарлалд орсон монголчууд эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн баатарлагаар ялж, тэмцэж явсныг нэгэн гэр бүлийн эмгэнэлт түүхээр харуулах юм.
Т.Энхэлээ