Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагад сургалцагчийн тэтгэлэг олгох журам"-д нэмэлт өөрчлөлт оруулжээ. Одоо өдрийн ангийн бүх оюутанд голч дүн хамаарахгүйгээр үндэсний тэтгэлэг олгож байгааг өөрчилж, 2.0-оос доошгүй голч дүнтэй бакалаврын өдрийн ангид суралцагчид үндэсний тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна. Үндэсний тэтгэлгийн хэмнэгдсэн төсвөөс дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцсэн суралцагчдын эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой болох аж.Мөн суралцагчдад тэтгэлэг олгох их, дээд сургууль, коллеж нь дараах шаардлагыг хангасан байхыг журамлаж өгчээ.
Үүнд:
-Аттестатчилагдсан байх
-Төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг төгссөнөөс хойш хагас жил, жилээр гаргаж хэвшсэн байх
-Төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байх
-Оюутны үйлчилгээ, төгсөгчидтэй ажиллах бүтэцтэй байх
-Удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх
-Сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх зэрэг болно.
Мөн журмын 2.2-т үндэсний тэтгэлэг олгох диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагчид тавигдах шаардлагыг тодорхойлж өгсөн байна.
Үүнд:
-Элсэлтийн журмын шаардлагыг ханган өдрийн ангийн суралцагч байх
-Хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх шаардлагыг тавьжээ.
Т.Энхэлээ



















































