Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь уламжлалт “Сарлагийн наадам” юм. Энэ онд 10 дахь жилтэйгээ учран золгож буй уг наадам Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өндөр-Хясаа хэмээх газар болсон юм. Арга хэмжээнд Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэ, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал болон албаны бусад хүмүүс оролцжээ. Уг арга хэмжээ нь гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах, улмаар тэдэнд үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, сарлагийн гаралтай түүхий эдийн ашиг шимийг сайжруулах, сурталчлах зорилготой аж. Сарлагийн наадмыг ССАЖЯ ивээн тэтгэж, Засаг даргын дэргэдэх Соёл, спорт аялал жуулчлалын газар зохион байгуулжээ. Арга хэмжээнд нутгийн сарлаг бүхий иргэд идэвхтэй оролцсоноос гадна Архангай, Баянхонгор аймгаас баг тамирчид хүрэлцэн ирсэн нь энэ наадам жил ирэх бүр өргөжиж буйгийн илрэл хэмээн зохион байгуулагчид онцолж байв. Мөн наадмыг үзэж сонирхохоор гадаад дотоодын 600 гаруй хүн ирсний 200 гаруй нь гадаадын жуулчид байжээ.
Наадмын үеэр сарлагийн бооцоот уралдаан, сарлаг булгиулах, бугуйлдах, дүүгүүр шидэх, сарлагийн поло тоглох, сарлаг зүслэх зэрэг тэмцээн, уралдаан болж, сарлагийн шилдэг бүтээгдэхүүн болон цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.
Т.Энхэлээ





















































