
БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол улсад айлчилж байна. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Ингэхдээ маш олон чухал асуудлаар хамтран ажиллах болсноо мэдэгдсэн юм. Тухайлбал, ирэх таван жилийн туршид Хятадын талаас Монголын талд 1000 сургалтын квот олгоно. Мөн Засгийн газрын тэтгэлгийн квот 1000-ыг шинээр олгоно гэсэн бөгөөд Монголын 500 цэргийн албан хаагчийг сургахаа амлалаа.
Түүнчлэн Монголын 500 залуу, 250 сэтгүүлчийг Хятадад айлчлуулах, Монголын талд Хятадын шилдэг 25 кино, телевизийн нэвтрүүлгийг үнэ төлбөргүйгээр өгөх, Хоёр тал Хятад, Монголын найрсаг солилцооны жилийг сайн зохион байгуулж, хоёр улсын залуучууд, хэвлэл, мэдээлэл болон халдварт өвчинтэй тэмцэх, цөлжилттэй тэмцэх зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно гэж хэлсэн билээ.