
Олон улсын банк, санхүүгийн байгууллагад ажиллаж буй монгол мэргэжилтний тоог нэмэх, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зорилгоор Засгийн газрын ажилтнуудыг Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагад туршлага судлуулах тусгай томилгооны хөтөлбөр хэрэгжүүлнэ. ОУВС, Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх зөвлөх томилох тухай асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Монгол Улс ОУВС, Дэлхийн банк болон гишүүнээр элссэн олон улсын бусад банк, санхүүгийн байгууллагад Засгийн газрын байнгын төлөөлөлгүй. Эдгээр байгууллагад Засгийн газрыг төлөөлөх зөвлөх томилсноор Захирлуудын зөвлөлийн шийдвэрт өөрийн улсын байр суурийг тусгах, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, эрх ашгаа бүрэн хэрэгжүүлэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд байнгын оролцоотой байх зэрэг чухал ач холбогдолтой юм.