
"Оюу толгой" компанийн ажилчид ажлын нөхцлөө өөрчлүүлэх хүсэлт гаргасаар ирсэн. Өмнө нь монгол болон гадаад ажилчдын цалин ялгавартай байдаг гэсэн үндэслэлээр шүүхээс торгууль тавьсан удаатай. Харин өнгөрсөн зургаадугаар сард 200 гаруй монгол ажилтнаа халах мэдэгдэл хүргүүлээд байсан уг компаниас ажилчдынхаа цалин, амралтын цагт анхаарал хандуулахаар болжээ. Тодруулбал өмнө нь уурхайн ажилчид 28 хоног ажиллаад 14 хоног амардаг байсан бол удахгүй 14 хоног ажиллаж, долоо хоног амрахаар өөрчилсөн байна. Мөн тус компани хэвийн бус, хүнд нөхцөлд байдаг 500 гаруй ажилчиндаа нэмэгдэл цалин олгож эхлээд байгаа юм.