
Уг арга хэмжээнд тус паркын ажилтнууд, БНЧУ-ын БХЯ, БОЯ болон бусад байгууллагын төслийн төлөөлөгчид, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд оролцов. Ёслолын арга хэмжээг Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нээж, тус хүрээлэнгийнхэн саяхан Монголын Тахийн Шар нуруунд гурван тахь хүргэхэд болон уг төслийг амжилттай хэрэгжихэд оролцож буй Чехийн талын төлөөлөгчдөд талархал илэрхийлж талархлын баярын бичгүүд гардуулсан болно.
БНЧУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх ховордож үгүй болоод байсан тахийг Монголын уугуул нутагт нь хүргэж, эргэж нутагшуулахад олон жил их хөрөнгө мөнгө, хүч чармайлт гаргаж буй тус амьтны хүрээлэнгийн нийт ажилтнууд болон Чехийн олон нийтэд гүн талархал илэрхийлсэн юм.
Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн сүүлийн жилүүдэд амьтны хүрээлэнгээсээ Монголд тахь хүргэж, нутагшуулах төсөл хэрэгжүүлж байгаа нь үр дүнд хүрч, нутагтаа эх байгальд нутагшиж буй тахийн тоо толгой өсөн нэмэгдэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм.