Монгол Улсын Засгын газрын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Улаанбаатар хотын Цагдаагийн газар байгуулах тухай” 115 дугаар тогтоолоор Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын цагдаагийн газар болгон өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд үүрэг болгожээ. Үүргийн дагуу Хууль зүйн сайд 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Улаанбаатар хотын цагдаагийн газар байгуулах тухай” А/140 дугаар тушаал гаргасан байна. Дээрх тушаалд Цагдаагийн ерөнхий газрын даргыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй зөвшилцөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын зохион байгуулалтын бүтцийг тогтоохыг даалгажээ. Тушаалын дагуу Нийслэлийн Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/748, 534 дугаар хамтарсан захирамж, тушаал гаргаж, Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна.
Хуулийн хүрээнд нийслэл дэх болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” 13/17 тогтоолыг үндэслэн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.



