
Эрдэм шинжилгээний хуралд утга зохиол судлаач, доктор, дэд профессор А.Мөнх-Оргил “Бүрхийн төгөл дэх хээ бүдгэрэхгүй”, яруу найрагч Л.Нямаа “Дорно шүлэгт хүн төрөлхтөний ирээдүйд тулгарах асуудлыг хэрхэн тусгасан нь”, судлаач Г.Бямбажав “Н.Нямдоржийн шүлгүүдийн гоо зүй” сэдвээр илтгэл тавьсан байна. Мөн энэ үеэр найрагчтай амьдрал, уран бүтээлийн замд хамгийн ойр дотно явсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Нямаа, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа нар дурсамжаа хуваалцжээ. Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчид Монголын утга зохиолд Н.Нямдорж судлалыг хөгжүүлэх цаг болсон гэдэгт санал нэгдсэн байна.
“Онон хатан ижий” яруу найргийн наадамд Улаанбаатар хот болон Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв, Орхон, Дархан-Уул аймгаас хүрэлцэн ирсэн 36 яруу найрагч шүлгээ уншсанаас “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Баяржаргал түрүүлж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй удаалсан байна. Гуравдугаар байрт “Болор цом” наадмын хошой дэд байрын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш шалгарчээ. Шагналт байрт залуу яруу найрагч Э.Хишигсүрэн, А.Түмэнбаяр нар шалгарсан байна.