“Цонжин болдог” хөшөөт цогцолборын хойт талд, Туул голын хаяа түшин орших “Хаан жимс” жуулчны бааз өнгөрсөн амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тус амралтын газар саатсан зочид бүгд л сав суулга барьж “Гайхамшигт хаан жимс”-ийг амтархан түүнэ. Ирсэн зочид гийчдээ ийнхүү” эрхлүүлж” байгаа "Хаан жимс" компанийнхан жил бүрийн есдүгээр сард чацарганы баяр буюу ургацын баяраа зочидтойгоо хамт тэмдэглэж ирсэн түүхтэй. Эл баярын өдөр зочид ургацын талбайд зочлон савныхаа хэрээр чацаргана жимсийг үнэ төлбөргүй түүж, урлагийн баяр сонирхон бас амтат чацарганын өнгө буюу улбар шар өнгийн хувцасаар ижилссэн хосууд ургацын дээжээр шагнуулдаг уламжлалтай.
Тус компанийн ургацын баярыг чимдэг үйл ажиллагаа бол урлагийн тоглолтууд. Олон янзын жимсний хувцастай бяцхан оролцогчид хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд зориулан жимсний тухай дуугаа сонирхуулж, морин хуурч авьяастнууд морин хуурын эгшигт аялгуугаар энэ өдрийн жаврыг үргээж, чацарганы баярт оролцож буй зочид төлөөлөгчдийн сонорыг мялаасан юм.







24tsag.mn