Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө санаа сэтгэл нэгдсэн 1970-аад онд төрсөн залуус жил бүр уулзалт зохион байгуулдаг аж. Одоогоос таван жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлагаар үүсэн байгуулагдсан “Эргэн дурсахуй-Хөгжлийн түүчээ” клубынхны өдөрлөгт нэгэн үеийн 150 орчим залуус оролцжээ. Тус клубынхэн анхны уулзалтынхаа үеэр нутагтаа хүүхдийн парк байгуулах санаачилга гаргасан нь С.Бямбацогт гишүүний дэмжлэг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар биеллээ олсон юм. Баруун бүсийн хүүхэд залуусын соёл амралтын хүрээлэн болон өргөжсөн уг парк орон нутагт хамгийн анхных бөгөөд нийслэлийн хүүхдийн паркаас хэд дахин том талбайтай, 14 нэр төрлийн тоглоомтой, хөлбөмбөгийн талбай, усан оргилууртай юм байна. Өнгөрөгч хугацаанд энэхүү паркаар 400 мянга орчим хүн үйлчлүүлжээ. Энэ паркийн хөлбөмбөгийн талбайд бэлтгэл сургуулилалтаа хийдэг аймгийн өсвөрийн хөл бөмбөгийн шигшээ багийнханд "Эргэн дурсахуй-Хөгжлийн түүчээ" клубээс стандартын бөмбөгүүд бэлэглэсэн аж.






















































