АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт болж байна. Уулзалтад 120 гаруй орны Төр, Засгийн тэргүүнүүд болон бусад гишүүн орны сайд нар оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар улс орнуудын хэмжээнд авч байгаа арга хэмжээ болон хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар дэвшүүлж байгаа зорилтынхоо талаар мэдээлэл хийж, 2015 онд батлан гаргахаар төлөвлөж байгаа олон улсын шинэ яриа хэлэлцээг батлан гаргахад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Дээд хэмжээний уулзалтанд Монгол улсаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, ГХЯ-ны олон улсын байгуулагын газрын дарга Г.Ганболд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын зөвлөх Ц.Адъяасүрэн, БОНХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч Д.Дагвадорж нар оролцож байна.
Дээд хэмжээний уулзалтанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол оронд хүчтэй илэрч, байгаль орчин, нийгэм эдийн засгийн салбаруудад хүчтэй нөлөөлж байгаа талаар мэдээлж эдгээр саад бэршээлийг даван туулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэжээ. Мөн тэрээр ”Уур амьсгалын шинжлэх ухаан” сэдэвчилсэн хэлэлцүүлгийг Гаяана улсын Ерөнхийлөгч Доналд Рамотартай хамтран даргалав. Хэлэлцүүлэгт уур амьсгалын өөрчлөлтийн талаар дэлхий нийтийг хамарсан ажиглалт хэмжилт, судалгаа хийдэг НҮБ-ын системийн төрөлжсөн байгууллагуудын болон холбогдох бусад байгууллагуудын төлөөлөл, НҮБ-ын гишүүн зарим орны төр засгийн тэргүүн, сайд нар оролцож уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого боловсруулах, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд судалгаа шинжилгээний ажил, ялангуяа бүс нутаг, улс орны хэмжээнд нарийвчилсан судалгааны ажлыг өргөжүүлэх шаардлагатай байгаа талаар санал солилцлоо.
Т.Сар























































