ДХБ-ын Худалдааны бодлогыг хянан хэлэлцэх зөвлөлийн энэ сарын 24-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын худалдааны бодлогын тухай илтгэлийг танилцуулав. Энэхүү хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Хуралдааныг нээж ДХБ-ын Худалдааны бодлогыг хянан хэлэлцэх зөвлөлийн дарга Мариам Салле үг хэлж, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат манай улсын худалдаа, эдийн засгийн бодлого, чиг хандлага, хүндрэл бэрхшээл болон олон талт худалдааны хэлэлцээн дэх манай улсын оролцоо зэрэг асуудлаар илтгэл тавив.
Хуралдаанд ДХБ-ын гишүүн 40 орчим улс оролцож, манай худалдаа, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн бусад асуудлаар санал хэлж, асуулт асуув. Үүнд: БНХАУ, ОХУ, АНУ, Европын Холбоо, Канад, Япон, БНСУ, Турк, Колумб, Уругвай, Парагвай, Энэтхэг, Нигер, Австрали, Тайван, Бразил, Аргентин зэрэг гишүүн орон үг хэлж тодорхой асуулт тавив.
Дэд сайд О.Чулуунбат хуралдаанд оролцох үеэрээ ДХБ, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Олон улсын худалдааны төв зэрэг Женевт төвтэй олон улсын худалдаа, эдийн засгийн байгууллагын удирдлагатай хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалтуудыг хийхээр төлөвлөж байна.
Худалдааны бодлогыг хянан хэлэлцэх анхны хуралдаан 2005 онд болсон бөгөөд хоёр дахь удаагийн энэхүү хуралдаан 2014 оны 9 дүгээр сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Женев хотноо ДХБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт болж байна.























































