Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2014 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 821 иргэний хэрэг хүлээн авснаас Ерөнхий шүүгчид гомдол гаргасан 84, хяналтын журмаар гомдол гаргасан 702, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах 32, харьяалал тогтоолгох 3 хэрэг байна.Хяналтын журмаар гомдол гаргасан 702, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах 32, нийт 734 хэргээс 21 хэргийг хэлэлцэхээс татгалзаж, 568 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн 568 хэргээс 543 хэргийг хяналтын шатны журмаар, 25 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянасан байна.
Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 543 хэргийн 59.8 хувь буюу 325 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдэж, 15.8 хувь буюу 86 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 10.6 хувь буюу 58 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, 11.2 хувь буюу 61 хэрэг хүчингүй болж, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 2.4 хувь буюу 13 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн 543 хэргийн 67,3 хувь буюу 368 нь нийслэлийн, 32,2 хувь буюу 175 нь орон нутгийн шүүхийн шийдвэр, магадлалтай хэрэг байна. Орон нутгийн шүүхээс ирсэн хэргийг авч үзвэл Орхон аймгийн шүүхийн 34, Дархан-Уул аймгийн шүүхийн 30, Баян-Өлгий аймгийн шүүхийн 25, Дорнод, Сэлэнгэ аймгийн шүүхийн тус бүр 11, Ховд аймгийн шүүх 10, Архангай, Төв аймгийн шүүхийн тус бүр 7, Говь-Алтай, Хөвсгөл, Увс аймгийн шүүх тус бүр 5, Өвөрхангай, Өмнөговь аймгийн шүүхийн тус бүр 4, Булган, Дорноговь, Хэнтий аймгийн шүүхийн тус бүр 3, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Сүхбаатар аймгийн шүүхийн тус бүр 2 хэрэг хянагджээ.
Тус танхим 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 87 албан бичиг, өргөдөл, гомдол хүлээн авч, 85-ыг нь шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/























































