Ой хээрийн түймрийн эрсдэлтэй 3-6, 9-11 дүгээр сард урьдчилан сэргийлэх, тусгай хамгаалалттай газарт хариуцлагатай жижүүр томилон 24 цагийн турш ажиллуулдаг. Мөн Цаг уур орчны шинжилгээний газар, Байгаль орчны мэдээллийн төвийн Зайнаас тандан судлах хэлтэстэй хамтран сансрын хиймэл дагуулаар түймрийн байршлыг илрүүлэн ОБЕГ-т мэдэгдэж, шуурхай унтраах арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгвэл БОНХЯ-ны шуурхай мэдээлэл, зохицуулалтын албанаас өчигдөр ой, хээрийн түймрийн талаар мэдээллэв. Тэдний хэлснээр ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүйгээс түймэр гарах нь элбэг байдаг аж. Өнгөрсөн 3-6 дугаар сард 95 түймэр гарч, 15 аймгийн 58 сумын 1562 га ой, 1.4 сая га малын бэлчээр шатжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 17 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Тэгвэл есдүгээр сараас өдгөө хүртэл есөн аймгийн 24 сумын нутагт ой хээрийн 67 түймэр гарсан байна. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг ой хээрийн түймэрт их өртжээ. Түүнчлэн Тосонцэнгэл, Өндөрхаан, Ерөө, Баруунхараа зэрэг суманд хуурайшилт ихтэй байгаагаас түймэр гарсаар байгаа аж. Т.Энхэлээ























































