Улсын хэмжээнд ургац хураалтын ажил ид явагдах энэ цагт Дархан, Сэлэнгийн тариалангийн бүс нутагт өнгөрсөн сарын сүүлийн өдрүүдэд 6 см зузаантай цас орсны улмаас зарим тариалангийн талбай цасанд дарагдсан байна. Хүйтэн сэрүүнд хүн хүчээр дутмаг тариаланчидаа дэмжихээр сайн дурын 50 залуу хоёр өдрийн туршид Төв аймгийн Угтаалцайдам сумын үр тарианы үтрэмд ажиллажээ.
"Залуусын намрын давалгаа" аяныг санаачлагч МоАХ-ын залуучуудын байгууллага сайн дураар ажиллах хүсэлтээ цахимаар илэрхийлсэн 200 орчим залуусаас түрүүлж бүртгүүлсэн 50 залууг хамруулжээ. Туршлагатай тариаланч хэлэхэдээ: "өмнөх нийгмийн өнгөтэй, тустай зүйлийн нэг нь намрын ажилд оюутан, залуусыг хамруулж, ажлын амтыг мэдрүүлж, хөдөлмөрөөр хүмүүжил олгодог байсан юм. Энэ уламжлал сүүлийн жилүүдэд сэргэж байгаа нь туйлын сайшаалтай. Залуус та нар энэ эрчээ бүү алдаарай" гэж захисан нь залууст нэгийг бодогдуулахын зэрэгцээ "ирэх жилээс илүү олон найз нараа хамруулж, ажил хөдөлмөрийн амьд амтыг мэдрүүлнээ" гэсээр тэд гэрийн зүгт буцлаа.





























































