Булган аймаг хотынхоо төв гудамжинд “Соёлын гудамж” фестивалийг өргөн хүрээнд шинэлэг хэлбэрээр зохион байгууллаа.Булган аймгийн хувьд соёл урлагаар хамгийн цангасан аймаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Аймгийн ХЖТеатрын барилгын ажил их засварт орсноор бүх л урлагийн тоглолт манай аймгийг тойрч байгаа нь үнэн. Үүнээс шалтгаалаад ямарваа нэгэн арга хэмжээнд хэр барагтай цуглардаггүй ард иргэд манай аймгийнх болсон. 10 дугаар сарыг соёлын сар болгон зарласантай холбогдуулан соёлын ажилтны баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд "Соёлын гудамж" анхдугаар фестивалийг амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Тус фестивалийн арга хэмжээнд 2500 гаруй иргэд оролцсон нь наадмын дараа орох томоохон арга хэмжээ болсныг илтгэнэ.
Сонгодог урлагийн тоглолтоор эхэлсэн соёлын гудамж фестивал театр урлаг, ардын урлаг, уран нугаралт гээд урлагийн бүх жанрыг харуулсан тоглолтууд, морин хуурын парад болон дүрслэх урлаг, соёлын өвийн ертөнц, эх орон ертөнц, дүрслэх урлагийн ертөнц, фэйс арт, маскарад шоу, загварын шоу, соёлын өвийн дуудлага худалдаа, флаш моб гээд хүүхэд залуус, хөдөлмөрчдийн сонирхлыг татах олон үйл ажиллагааг нэгтгэн аймгийн Засаг даргын соёлын бодлогын хүрээнд зарласан Соёлын сарын нээлтээ соёлын ажилтны баярын өдрөөрөө тэмдэглэн өнгөрүүлсэн нь энэ аж.
Энэ үйл ажиллагаа нь улсын хэмжээнд орон нутагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд Булган аймаг цаашид энэ үйл ажиллагааг уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ.























































