Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс баталсан удирдамжийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын төвд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ширмэн, Сум дундын 3 дугаар шүүх, аймгийн Прокурорын газар, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Өмгөөлөх зөвлөл болон тус аймгийн Галуут, Бууцагаан, Жаргалант, Бөмбөгөр, Заг, Гурванбулаг сумдын төр, захиргааны байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулсан “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд иргэд, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.Зөвлөгөөнд төрийн байгууллагууд өөрсдийн байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулсны дээр оролцогч сумдын төлөөллөөс мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцжээ.
Уг зөвлөгөөнд аймгийн прокурор Б.Одхүүгээс 2014 оны эхний 09 сарын эрүүгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл”, мөн “Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөл, түүнийг арилгах арга зам” сэдвээр илтгэл тавьж иргэдэд мэдээлэл хүргүүлсэн байна.
Зөвлөгөөний дараа дээрх 6 сумдын 24 залуучуудыг оролцуулсан “Адуучин” тэмцээн зохион байгуулж, тэмцээний үеэр Монгол Улсын хэмжээнд анх удаа “Тэргүүн сүрэг” ХХК-тай хамтран Баянхонгор аймгийн Жаргалант сумын адуунд малын “Чип” буюу байршил тогтоогчийг суулгасан нь нэгэн онцлог үйл явдал болжээ.























































